
Амжилт ба ялагдлыг шийдэж өгдөг хүчин зүйл олон байдаг. Амжилтад хүргэдэг зүйл юу юу байдаг билээ ярилцацгаая.
Нэг удаа өнгөрөөд явчихвал эргэж ирэхгүй гурван зүйл байдаг. Тэр бол харвасан сум, хэлсэн үг, цаг хугацаа гурав юм. Харваач хүн харвахдаа анхааралтай байж бүх хүчээ дайчлан харвах хэрэгтэй. Хүний амнаас гарсан үгийг эргүүлэн буцаах боломжгүй. Өнгөрсөн цаг хугацаа ч эргэн ирэхгүй. Тиймээс цагаа зөв зарцуулах нь Христчин хүний мэргэн ухаан мөн. Элч Паул цаг хугацаа хичнээн чухал вэ? гэдэг талаар 3 янзын зүйлийг хэлсэн юм.
1. Цагийг хэмжээ хязгаартай зарцуулах хэрэгтэй.
Цаг бол Бурханы бидэнд даатгасан хамгийн үнэт баялаг. Тиймээс цагаа хэмжээ хязгаартай төлөвлөгөөтэй зарцуулж чаддаг бол энэ нь мэргэн ухаан юм.
Нэгдүгээрт: Зорилго тавин амьдрах хэрэгтэй. Багаар бодоход нэг долоо хоног, нэг cap, нэг жил, бүр бүх амьдралдаа ч зорилготой байх нь зөв.
Хоёрдугаарт: Зорилгоо биелүүлэхийн төлөө анхаарлаа хандуулах хэрэгтэй. Шалгалт өгч байхад 5 минут хэр чухал байдаг билээ? Харин найзтайгаа ярьж суухад 5 минут байтугай их цаг үрдэг шүү дээ. Сэхээн амьдруулах тасагт буй өвчтөнд 1 минут эрүүл хүмүүсийн үрж байдаг 100 цагаас ч илүү үнэтэй.
Гуравдугаарт: Цагаа тэнцвэртэй зарцуулж байх хэрэгтэй. Хүнд гурван янзын цаг хугацаа байдаг. Нэг нь ажлын цаг, бас нэг нь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг цаг, үлдэж байгаа нь Бурхантай холбогддог цаг.
Энэ гурван цагийг тэнцвэртэй зарцуулж байх үед эрүүл, зөв амьдарч чаддаг. Бид өөрийн амьдралдаа тохируулан татгалзаж сурах хэрэгтэй. Үр бүтээмж муутай байнга завгүй явдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүс ихэнхдээ татгалзаж чаддаггүй хүмүүс байдаг. Бид нар бүх хүний таалалт нийцүүлэн амьдарч чадахгүй. Зарим үед тохируулан татгалзаж мэргэн ухаантай хандвал цагийг илүү үнэ цэнэтэй зарцуулж чаддаг. Ефес 5:15-д “Тиймээс та нар мэргэн бус хүмүүс шиг биш харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай.” гэж хэлсэн юм. Амьдралынхаа хамгийн нэгдүгээрт байх зүйлийг олж түүний дагуу амьдрах нь чухал цагийг үрэх нь амийг үрэхтэй адил гэдгийг ойлгож Бурханы өгсөн цагийг хэмжээ хязгаартай, мэргэн ухаалгаар зарцуулаарай.
Лук 12:46 “Түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл тэр боолыг хэсэгчин тастаад итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ.”
2. Цагийг гамнах хэрэгтэй.
16-р ишлэлд өгүүлж байгаа “цагийг гамна” гэдэг үг цагийг дэмий үрэхгүй сайн зарцуул гэсэн утгатай. Цагийг гамнах 2 янзын арга байдаг.
1-дугаарт: Ажилсаг амьдрах хэрэгтэй. Ром 12:11-д Библи аз завшаан юмуу хууль бусаар олсон ашгийг ерөөл гэж хэлдэггүй. Итгэлийн амьдрал гэдэг бол бүх зүйлээ дайчилсны дараа Бурханд даатгахыг хэлдэг. Тарьснаа хураадаг нь байгалийн хууль бөгөөд Бурханы хууль билээ. Амьдралдаа нулимс, цус, хөлсөө урсгасан хүн жинхэнээр амжилтанд хүрч чадна. Өөрийгөө бүрэн дайчил.
Залхуурах үед ядуу хоосон байдал ирдэг шиг /Сургаалт үгс 6:6-10/ итгэлийн амьдралдаа ч залхуурвал үгээс холдон залбирахдаа хойрго болж сүнслэг амьдралдаа хүч чадалгүй болдог.
2-дугаарт: Өдөр өдөртөө үнэнчээр амьдрах хэрэгтэй. Өнөөдөр шударгаар амьдрахын тулд маргааш маргааш гэдэг хорт зуршлаа хаяцгаая. Амьдралдаа бүтэлгүйтсэн хүмүүс ихэнхдээ 2 төрөлд багтдаг. Нэг хэсэг нь өнгөрсөн амьдралдаа хэт хүлэгдсэн хүмүүс байдаг бол нөгөө хэсэг нь маргааш биелнэ гэсэн бодолдоо хууртагддаг хүмүүс байдаг. Гэвч маргааш гэдэг өдөр миний санаснаар болдоггүй. Сайхан өдөр байх уу? Гунигтай өдөр байх уу? Зөвхөн Бурхан л мэдэх Бурханы өдөр бол “маргааш” юм. Бидэнд хамгийн чухал өдөр бол “өнөөдөр”. Өнөөдөртөө ажилсаг үнэнч сэтгэлээр амьдардаг хүн л маргаашдаа зөв амьдарч чадна. Өнөөдөр өгөгдсөн цагтаа өөрийгөө бүрэн дайчилж маргааш гэж хойшлуулдаг муу зуршлаа хаяад үнэнч шударга амьдарцгаая.
Ефес 5:16 ” Цагаа гамна. Учир нь энэ үе бузар юм.”
3. Цагаа мэргэн ухаантайгаар зөв зарцуулж сурах хэрэгтэй.
Мунхагаар цагаа үрж суулгүй Бурханы хүсэл юу болохыг мэдэх хэрэгтэй. Тиймээс цагаа зарцуулахдаа эхлээд Бурханд найд. Учир нь цагийн эзэн нь Бурхан юм. Хичнээн завгүй байсан ч эхлээд Бурхандаа залбираад ажлаа эхлээрэй.
Хаггай 1-р бүлэгт Бурханыг нэгдүгээрт тавиагүй ард түмнийг ерөөх гэж байсан авч ерөөхөө больсон тухай өгүүлдэг. Бурханы цаг хараахан болоогүй гэж амьдралын хамгийн нэгдүгээрт Бурханыг тавихгүй, хойш нь тавьж байсан тэр үед Бурхан эш үзүүлэгч Хаггайгаар дамжуулан Хаггай 1:6-д “Та нар ихийг тариалсан боловч ургац нь бага байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч ханадаггүй. Та нар хувцасладаг боловч хэн нь ч дулаацдаггүй. Хөлсний ажилчин хөлс авлаа ч цоорхой түрийвчинд хөлсөө хийдэг.” гэж айлдсан юм.
Зарим үед та ажилд цагаа хөлс хүчээ зориулсан ч төлөөсийг нь маш бага хүртэж байсан бол тэр үед Бурханыг нэгдүгээрт тавьж байсан уу? гэдгээ санаарай. Зөвхөн хичээлээ гээд, зөвхөн зүтгэлтэй байлаа гээд ерөөгддөг юм биш ээ. Бурханы хүсэл юу болохыг мэдэж аваад Бурханыг нэгдүгээрт тавиад амьдрахад жинхэнэ ерөөгддөг гэдгийг санаарай.
Колоссай 4:5 “Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар, цагийг үнэлж харьц. “
Цагийн эзэн нь Бурхан гэдгийг мэдэж цагаа үр дүнтэй зарцуулъя. Амьдралдаа зорилго гарган хэмжээ хязгаартай амьдарч Бурханыг баярлуулаад зогсохгүй Бурханы ивээл, ерөөлийг авцгаая.

No comments:
Post a Comment