2011-06-02

Бидний сайн сайхны төлөө ажилладаг Бурхан

Ром библийн 8:28 үзвэл “Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүст тохиолддог бүхий л зүйл эцэстээ тэдний сайн сайхны төлөө байдаг гэдгийг бид мэднэ” гэдэг үг байна.
Сайн сайхны төлөө гэж бид Бурханы Хүү Есүс Христийн дүртэй адил болох, улмаар Бурханы хаанчлалд ороход зохистой хүн болж өсөх явдал юм. Бурхан биднийг аврахаар урьдаас тогтоогоод цаг нь болоход дуудаж, итгэлийг өгөн зөвтгөсөн нь бидний сайн сайхны төлөө хийсэн Бурханы ажлууд билээ. Хүн угийн сул дорой учраас гэмийн хүсэлд амархан бууж өгч дараа нь санаагаар унан цөхөрдөг. Гэвч биднийг дуудсан Бурхан биднийг гэмийн дунд сүйрэг гэж хэзээ ч орхидоггүй. Сатаны хүч их юм шиг боловч Бурханы хүч бүр их бөгөөд Сатан нь бидний амьдралд зориулсан Бурханы эцсийн төлөвлөгөөг өөрчилж чадахгүй.
            Иаковын 12 хүүгийн бага Иосефыг мэдэхгүй хүн гэж байхгүй. Тэр Иаковын хамгийн хайртай хүү байсан.
Бурхан түүнд зүүдээр дамжуулан өөрийг нь ямар хүн болгох тухайгаа түүнд харуулсан. Энэ зүүднээс болсон уу, аав нь түүнд илүү их хайртай байсан учраас тэр үү бүү мэд ах нар нь түүнийг үзэн ядаж, түүнтэй эв найртай ярилцаж чаддаггүй байсан. Тэгээд эцэстэй түүнийг Египет рүү явж буй жинчидэд 20 шекел мөнгөөр худалддаг. Энэ цагаас Иосефын амьдралд олон хэцүү зовлон тохиолддог. Урт тансаг дээл өмсдөг байсан бол, уранхай хиртэй зарцын хувцас өмсөх болов. Насаар бага зовлон үзээгүй түүнд энэ амьдрал дэндүү хатуу байсан нь ойлгомжтой. Энэ ч яахав тэрээр гүтгэгдэн шоронд орох болсон. Буруу зүйл хийгээгүй байхад түүнийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэдэг түүний хувьд хамгийн том зовлон байсан байх. Гэхдээ энэ бүгдийн цаана Бурханы агуу их төлөвлөгөө байсан. Түүгээр дамжуулан үндэсныг аврах гэжээ. Абрахамд амласан амлалтаа биелүүлэх гэжээ.  Иосефын амьдралыг Бурхан удирджээ. Эхлэл 45:5-9
            Итгэгчийн амьдрал нь эвлүүлдэг зураг мэт билээ. Амьдралд тохиолдож буй бүх зүйл нь эвлүүлдэг зургийн ширхэг мэт байдаг. Ганц ширхэгээр тэр зураг юуг илэрхийлэх гэснийг ойлгохгүй. Харин бүгдийг эвлүүлбэл сайхан зураг болно. Итгэгчийн амьдрал ч үүнтэй адил. Бидний амьдралд тохиолддог жаргал зовлон, баяр гунигийг Бурхан бүгдийг нь эвлүүлж гайхамшигтай сайхан зураг зурдаг юм. Бид үүнд итгэвэл ямар ч зовлонтой тулгарсан тэвчиж давж чадна.
Сонгон дуудаж өөрийн сайн тааллаараа удирдаж буй Бурханд талархаж байна.
Эзэний дотор үргэлж баярла. Би дахин хэлнэ. Баярлагтун! Филиппой 4:4

No comments:

Post a Comment